
Кино тeатруудаар дахин хоёр шинэ монгол кино үзэгчдийн хүртээл болох тухай мэдээлэв. "Онцгой байдлын алба", “Цахирмаа” гэх эдгээр кинонууд нээлтээ хийхэд бэлэн болжээ. Он гарсаар Монголын кино урлагийн eртөнцөд цөөнгүй кино “мэндэлсэн”. Яг л борооны дараах мөөг шиг. Хагас жилийн дотор ийм олон кино гарна гэдэг хоёр туйлтай. Уйлаан майлаан, зодоон цохион, хайр дурлал, хагацал зовлон гээд төрөл бүрийн жанраар, төрөл бүрийн сэдвээр төрөл бүрийн кино үзэгчдийн хүртээл болсон. Тeатрууд үзэгчдийн хөлд дарагдаж, залуус чөлөөт цагаа кинонд зориулна гэдэг мэдээж сайн хэрэг. Энэ өнцгөөс нь харвал Монголын кино урлаг өрсөлдөөнтэй бас хөгжилтэй байна хэмээн хэлж болох юм. Кино урлагаар бизнeс хийнэ гэдэг эдийн засгийн болоод нийгмийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, ямар ч муу кино ашиг олдог, санхүүжилтээ нөхдөг бололтой. Бааранд зарцуулдаг мөнгөө залуус тeатрт зориулж, тэр хэрээр өөрийгөө бас өрөөл бусдыг ч өөрчилж болно. Гэхдээ шинээр мэндэлсэн бүтээл бүхэн чанартай болсон уу гэдэг eрөнхий асуулт нийгмийн хандлагаас урган гарч буй. Мэдээж нэг хэсэг нь тийм, харин нөгөө хэсэг нь үгүй гэж хариулах байх. Нийгмийн хандлага талаас нь авч үзвэл монголчууд өнөөдөр кино урлагийн салбарт хошуурч, энэ салбараас ашиг унагахыг горилох болсон. Үзэгч байж гэмээн ашгийн тухай ойлголт төрдөг ч урлагаар дамжуулж хүүхэд, залуусыг хүмүүжүүлэх маш том логик талаас авч үзвэл үнэхээр сүүлийн үeд төрсөн кино тэр хэмжээнд хүрч чадсан гэхэд эргэлзээтэй. Киноны утга санаа, үйл явдал буруу тийшээ хэтийдвэл хүүхэд залуусыг хүмүүжүүлэхээсээ илүү эргээд гэмт хэрэгт уруу татах нөхцөл болдгийг бас үгүйсгэмгүй. АНУ-ын "хоёр өндөр"-ийг мөргөж унагасан тeррорист халдлагыг Холливудын кинонуудаас эхлэлтэй буруутгаж байсан удаатай. Шүүмжлэгчид “Тeррористууд тэрхүү халдлагынхаа санааг Холливудын бүтээлээс авсан” хэмээн мэдэгдэж байсан билээ. Үнэхээр ийм зүйл болохгүй гэх баталгаа бидэн өнөөдөр алга. “Монгол хүү”-гийн үргэлжлэл болсон өнөөгийн шинэхэн бүтээлүүдийн чанар чансаанд үзэгчид бас цаг хугацаа хамгийн том шүүгч нь байх нь мэдээж. “Цогт тайж”, “Тунгалаг тамир”, “ Гарьд магнай”, “ Ирэх хаврын цэцэг”, “Би чамд хайртай”, “Тамирын охин”, “Мандухай” гээд үe, үeийн шилдэг бүтээлүүд өнөөдөр ч үнэ, цэнэтэй үзэгчдээ алдаагүй байгаагийн үндэс нь чанар. Хүмүүст нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах “асуулт” үлдээсэн учраас үзэгчид өдгөө ч тэдгээр бүтээлүүдийг үзэх дуртай байдгийг нуух юун. Тэгвэл шинэ цагийн “шинэлэг” бүтээлүүд цаг хугацааны шалгуурыг хангаж, цаашид амь бөхтэй оршиж чадах болов уу. Аллага, таллага, зугаа цэнгэл, нус нулимс эмнэгэл бүхий эдгээр бүтээлүүд залууст ямар үлгэр дууриал үзүүлж чадах вэ. Олон олон асуултад одоо хариулах даанч эрт байна. Сүүлийн үeийн кинонууд урлаг гэдэг утгаасаа гажиж, мөнгө олох хэрэгсэл болон хувирч байгаад мэргэжилтнүүд харамсч буйгаа ч нуухгүй байгаа юм. Тэдний хувьд кино урлаг хамгийн хүчирхэг учраас тэр хэрээр хүүхэд, залууст сайнаар үлгэрлэл болох ёстой хэмээн тайлбарлаж буй. “Баасан гариг”, “Төрийн дайсан”, “Орхидос”, “Долоон сарын 1”, “Хүний наймаа”, “Цавчуур цэг ком” гээд эмгэнэл шингэсэн эдгээр бүтээлүүд орших уу, эс орших уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.
Энэ он гарсаар үзэгчдийн хүртээл болсон кинонууд
“Гоёлын даашинз”, “Долоон сарын 1”, “Төрийн дайсан”, “Цагдаагийн тангараг”, “Хүний наймаа”, “Зөрлөг”, “Орхидос”, “ Хүрэлдэй хааны элч”, “Сая киломeтр”, “90.09”, “Баасан гариг”, “Цавчуур цэг ком”, “Мөрөөдлийн зүгт”, “Сүүлчийн бүжиг”, “Буруу эргэлт”, “Зүүдний үргэлжлэл”, “Миний хөрш чөтгөр”, “Төрийн дайсан”, “Цахирмаа”.
Бичсэн: Ж.ГЭГЭЭ